Үндэсний бүтээгдэхүүнээ өлгийдөж авмаар байна

Монгол Улсад одоогийн байдлаар программ хангамжийн чиглэлээр 414 компани бүртгэлтэй байна. Үүнээс 200 компани нь тогтвортой үйл ажиллагаа явуулдаг гэх тооцоо бий. Мөн үүн дотор 89 компани нь Программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоонд бүртгэлтэйгээр илүү идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг ажээ. Энэ тоог хүн амынхаа тоонд харьцуулахад программ хангамжийн салбарыг өөрсдийнхөө боломжид тулгуурлан хөгжүүлэх боломжтой юм байна гэдгийг харж болохоор. Мөн компанид харьяалагдан ажилладаггүй ч энэ салбарын мэдлэгийг гартаа атгасан маш олон чадварлаг залуус байгаа. Багаасаа вирусны эсрэг программ, тоглоом татах,  компьютерээ өөрөө форматлах зэргээр энгийн хэрэглээг сонирхсоор тэр мэдлэгтээ суурилан, гадаадад сурах тэтгэлэг ч судалж, компани байгуулсан жишээ цөөнгүй бий. Тиймээс энэ салбарыг нэгдсэн бодлогоор зангидаж, ашиг орлогыг нэмэгдүүлж, Монголын программчдыг нэгтгэх шаардлага улам илүү нэмэгдэж байна.

Программ хангамжийн салбарт одоогоор хамгийн үгүйлэгдэж байгаа хоёр том асуудал, бүтээх хэрэгтэй нэг том зорилт байна. Энэ бол салбарыг дэмжих хууль эрх зүйн орчинг тодорхой болгох, хөрөнгө оруулалт хийх асуудал юм. Энэ салбарт Шинжлэх ухаан технологийн сангаас багахан хэмжээгээр хөрөнгө оруулдгийг эс тооцвол  программ хангам­жийг дэмжсэн бодит хөрөнгө оруулалт гэхээр зүйлгүй тухай албаныхан хэлсэн. Заримдаа программ хангамжийн салбарт хийх ажлын олон нийтэд нээлттэй тендер зарлагдаж, бодит хамтын ажиллагаа болж чаддаг ажээ. Дээр өгүүлсэнчлэн монголчууд угийн л бодит зүйлд хөрөнгө оруулсаар ирсэн болохоор ингэж орхигддог байх. Программ хангамж гэхээр шууд хэдхэн үгээр илэрхийлчихэж болшгүй, маш өргөн хүрээтэй оюуны бүтээл. Гэтэл үүнийг бодитоор үнэлж, дэмжих, зээл олгох тодорхой дэмжлэг алга. Жишээ нь, төрөөс жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр зээл өгдөг ч үүнд программ хангамжийн салбарыг оруулдаггүй. Гэтэл энэ бүхэн адилхан нь үйлдвэрлэл учраас хөнгөлөлттэй зээлд хамруулдаг байхыг програм­мистууд хүсч байлаа. Хоёр дахь асуудал бол дээрх бэрхшээлүүдийг зохицуулах хууль эрх зүйн орчин. Харин үлдсэн нэг том зорилтын хувьд, хууль эрх зүйн орчин, хөрөнгө оруулалтыг нэг мөр биш ч урсгал байдлаар шийдсэний дараа бодит ажил хэрэг болох юм. Энэ бол монгол хүний ур ухаанаас бүтсэн программ хангамжийн үндэсний бүтээгдэхүүнтэй болох асуудал. Энэ нь юу ч байж болно. Тоглоом, өргөн хэрэглээний программ гээд л. Монголчууд  хэнээс ч дутахгүй гэдгээ харуулж,  оюуны баялагийг бүтээх цаг нь нэгэнт иржээ. Монгол программистуудын ур ухаан, чадвараар бүтсэн үндэсний бүтээгдэхүүн мэндлэхийг тэсэн ядан хүлээж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *